Нүүдлийн шувууны хойноос гуниг болон гансарч
Нүднээс далд ганцхан ижий минь л намайг бодно
Энэ орчлонгоор дүүрэн ээжээ гэж хашгирвал
Ээж минь л ганцаар миний дууг танина байх даа
Хүслээс гажууд тавиланд төөрч будилж явахад минь
Хүүгээ яаж явааг зөнгөөрөө тааж мэдэрнэ
Нүдэндээ багтахгүй нулимс нь урсаж мэлмэрнэ
Нэг л өдрийн наран надад халтар харагдаад
Нэхэл хатуу хорвоо ижийг минь аваад одно
Цэцгийн шүүдэр хүртэл настай байдгийг анзаарч
Цэн цэнгийн нулимс нь үнэтэй байдгийг мэдэрнэ
Сүүлчийн ганц амьсгалаа цэцгэнд шингээж та орхиод
Сүүгээр намайг дэлхийдээ даатган өөрөө одох вий дээ
Буцааж нэхэхгүй хайраа ганцхан тийш нь асгачихаад
Бухимдах ч үгүй харамсах ч үгүй орчлонгоос одчих вий дээ ээж минь
Аргал түүж явсан мөр нь үл олдоно
Араг үүрсэн дүр нь нүдэнд хоосон үзэгдээд
Ээжийн минь үглэх тэртээ цагаан аялгуу
Эргээд хэзээ ч олдохгүй уянга болж нэхэгдэнэ
Өнгөт цагаан саран таныг тэгэхэд нэхээд
Өрхний заадсаар хоймор тэмтрэн аялна
Намайг тэвэрсэн зураг тань нүдэнд үзэгдээд
Өвлийн шөнө ижий минь даарч суух шиг болно
Нутгийн нэг чулууг ижийхээ оронд босгоод
Нулимстай нүдээр хорвоог ажихийн цагт
Ганцаардахын уйтай барьцгүй орчлонг мэдрээд
Гантиг чулуу түшээд уйлж зогсох вий дээ

Комментариев нет:
Отправить комментарий